1947 оны 6 сарын 24-нд бизнесмен Кэнэт Арнольд хувийн онгоцоор Вашингтон мужын уулан дээгүүр нисч явахдаа асар өндөр хурд бүхий 9 нисдэг биет онгоцных нь хажуугаар нисэн өнгөрөхийг харжээ. Зорьсон газраа хүрсэн Арнольд харсан зүйлээ нисэх буудлын ажилчдад ярив. "Өмнө нь огт харж байгаагүй таваг мэт хэлбэртэй нисдэг биет дуунаас ч илүү хурдалж, давалгаа мэт долгиолон нисч байсан". Цуурхал сонссон сурвалжлагч нар ч хүрэлцэн ирж, тухайн үед хараахан бүтээгдээгүй байсан дуунаас хурдан нисэх төхөөрөмжийн тухай яриаг тэр дор нь америк даяар тараажээ. Мэдээлэл нийтлэсэн нэгэн сонин үл таних нисдэг биет (ҮМНБ)-ийг "нисдэг таваг" хэмээн нэрлэснээр амeрикийн орчин үеийн түүхийн хамгийн нууцлаг домог болох нисдэг тавагний түүх эхлэв. 3 хоногийн дараа саарал өнгийн нисдэг биет Калифорни мужид "үзэгдсэн" бол дараагийн өдөр нь Висконсон мужийн тариан талбай дээгүүр нисдэг таваг "нисэн өнгөрөв". ҮМНБ-ийг харж, арми болон цагдаагийн газарт дуудлага өгсөн хүний тоо огцом нэмэгдэж, Арнольдийн гэрчилсэн үйл явдлаас хойших гурван долоо хоногийн дотор 850-д хүрэв. Ийнхүү нийгэм дэх нисдэг тавагний "халуурал" хуурай өвсөнд гал тавьсан мэт дүрэлзжээ.
Амeрикийн орчин үеийн түүхээр мэргэшсэн, Юта их сургуулийн профессор Роберт Голдберг тухайн үеийн нийгмийн сэтгэлзүйн онцлог үзэгдлийн талаар өгүүлэв. "Тэнгэрт нисэх "нисдэг таваг" хэмээх нэр хүмүүст туйлийн тааламжтай, хүлээн авахад хялбар байв. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч тогтооход амархан иймэрхүү үгэнд туйлын мэдрэмтгий ханддаг. Иймд Арнольдийн гэрчилсэн үйл явдал онцгой үзэгдэл мэт хүмүүсийн анхаарлыг татаж, судлаачдын санаа бодолд ч нөлөөлөх болсон" гэжээ. "Нисдэг таваг" анх үзэгдсэнээс хойш 1 сарын дараа алдартай судлаачдын баг олон нийтийн санаа бодлын талаар өвөрмөц судалгаа хийжээ. "Нисдэг тавагны талаар та юу бодож байна" гэсэн асуултад санал асуулгад оролцогчдын 33.7 хувь нь "тодорхой мэдэхгүй байна", 30.1% нь "хий үзэгдэл, буруу харсан зүйл байх" гэх мэтчилэн хариулсан боловч сансраас ирсэн биетийн тухай хариулт нэг ч үгүй байв. Үнэндээ 1947 оны үед нисдэг таваг харийнхны тээврийн хэрэгсэл гэсэн ойлголт байсангүй. Харин "орос болон америкийн цэргийн нууц зэвсэг байх" гэсэн хариулт тодорхой хувийг эзлэж байв. Тухайн үед дэлхийн 2-р дайн дөнгөж дууссан, их гүрнүүд сөргөлдөөний байдалд орж, цэргийн зэвсэглэлийг идэвхтэй хөгжүүлж байсан нь хүмүүсийн анхаарлыг татаж байв.
Хагас жилийн дараа нисдэг тавагны талаархи хүмүүсийн ойлголтыг үндсээр нь өөрчилсөн үйл явдал тохиов. 1948 оны 1-р сард ҮМНБ-ийн тухай мэдээлэл авсан цэргийн нисэх хүчин агаарын тулаанд шалгарсан Пи-51 сөнөөгч онгоцыг хөөргөсөн боловч холбоо тасарч, сураггүй алга болжээ. Удалгүй сүйрсэн онгоцны үлдэгдлийг олж, нисгэгчийг амь үрэгдсэнийг тогтоожээ. Нисдэг таваг хий үзэгдэл бус нууц зэвсэг юм биш биз гэсэн ойлголт нийгэмд гүнзгийрч эхлэв. Арнольдын гэрчилсэн үйл явдлаас хойш 2 жилийн дараа нисдэг тавагний талаар анхаарал татахуйц таамаглал дэвшүүлсэн хүн гарч ирэв. Залуудаа далайн цэрэгт алба хааж, нисэх онгоцны талаар өргөн мэдлэг бүхий чөлөөт зохиолч Доналд Кийхо нэгэн сониноос нисдэг тавагний талаар судалгаа хийх хүсэлт авчээ.
Кийхоо нисэх онгоц үйлдлвэрлэгч компаний инженерүүд, нисэхийн аюулгүйн албаны мэргэжилтнүүд, агаарын динамикийн салбарын эрдэмтэд зэрэг олон мэргэжлийн хүмүүсээс ярилцлага авч, судалгааны дүнг нэгтгэн 1950 оны 6-р сард нэгэн ном хэвлүүлжээ. "Нисдэг таваг бодит зүйл (Flying saucers real)" номонд "цагт 800 км-ээс илүү хурдлах зүйлийг зөвхөн харь гаригийнхан л бүтээж чадна, түүгээр харь гаригийн хүмүүс дэлхийд ирж байна" хэмээн нотлож, хүмүүст эргэлзээ төрүүлсэн янз бүрийн асуултад хариулсан байв. Сүүлийн 2 жилд нисдэг таваг олноор үзэгдэх болсон тухайд "хүн төрөлхтөн баллистик болон цөмийн пуужин бүтээж харийнхны анхаарлыг татах болсон" гэв. Ихэвчлэн америкийн нутаг дэвсгэрт үзэгдэж байгаа тухайд "дэлхийн хамгийн өндөр хөгжил бүхий улстай анхлан холбоо тогтоохыг эрмэлзэж байгаа" гэжээ.
Гэвч Кийхоогийн ном уншигчдийн сэтгэлзүйг хүссэн зүгтээ залах урхи болсныг профессор Голдберг онцолж байна. Кийхоо өөрийн таних цэргийн мэргэжилтэн, инженерүүд, их сургуулийн багш нарын нотлогоог дурдсан ч, тэдний нэгийх нь ч нэрийг бодитоор дурсалгүйгээр өөрийн санааг батлахад ашигласан байв. Энэ арга нь мэргэжлийн үг хэллэгт дасаагүй ердийн уншигчдад таамаглалыг үнэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Кийхоогийн ном хэвлэгдсэний дараа нисдэг таваг харь гаригаас ирсэн хэмээх итгэл үнэмшилд гал дээр тос нэмэх мэт үйл явдал тохиов. 1952 оны 7 сарын 19 болон 26-ны шөнөөс үүр цайх хооронд нийслэл Вашингтоны тэнгэрт 20 гаруй биет "үзэгдэв".
Цэргийн болон олон улсын нисэх буудлын радарт Вашингтоныг бүрхэх мэт байрласан ҮМНБ-үүд илэрч, зарим нисгэгчид ч өөрийн нүдээр харсан тухай гэрчлэв. Онцгой нөхцөл байдал үүсэхээс сэргийлэн сөнөөгч онгоцнуудыг агаарт хөөргөсөн боловч нисдэг таваг байтугай гэрэлтэх зүйлийг олж илрүүлсэнгүй. Армийн удирдах албан тушаалтнуудын яаран зарласан хэвлэлийн хурлаар "ойр орчмын хотын гэрэлтүүлэг цаг уурын онцлог нөхцөлд үүссэн агаарын давхаргад ойж, нүдэнд үзэгдэх буюу радарт мэдрэгдсэн" хэмээн тайлбарлажээ. Цэргийнхний мэдээлэлд онцлон тэмдэглэсэн зүйл нь америк улсад халдан довтлох зорилго бүхий дайсан огт байгаагүй гэдгийг нотлох явдал байв. Гэвч сэтгүүлчид онгоц, нисэх төхөөрөмж, эсвэл харь гаригаас ирсэн хөлөг мэтийн яг ямар биет байсан талаар асуухад "хэрэв нисдэг тавагний тухай сонирхож байвал одон орончдоос асуу, армийн харъяаллын асуудал биш" хэмээн хариулжээ. Энэ хариулт нисдэг таваг сансраас ирсэн гэдэгт итгэх хүмүүст арми үнэнг нууж байгаа юм биш биз гэсэн эргэлзээ төрүүлэв.
2-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/10/2_2.html
No comments:
Post a Comment