Одоогоос 44 жилийн өмнө буюу 1977 оны хоёрдугаар сарын 04-нд английн Брод Хейвен тосгоны сургуулийн 10 настай хүүхдүүд тоглож байхдаа үл мэдэгдэх нисдэг биет харжээ.
Энэ нь тухайн үед Уэльсд болсон ээдрээтэй үйл явдлуудаас хамгийн шуугиан тарьсан “хэрэг” нь байлаа. Хоёрдугаар сарын эхээр энэ явдлыг дурсаж, Дэвид Дэвис гэдэг хүн Британийн “Би би си” телевизийн нэвтрүүлэгт оролцжээ.
Нисдэг таваг харсан тэр хүүхдүүдийн нэг Дэвид Дэвис “Тэгэхэд бөмбөгөр оройтой, янжуур шиг хэлбэртэй мөнгөлөг өнгөтэй хөлөг хоёр секунд орчим харагдаад модны цаагуур орчихсон. Надад ямар нэг айдас төрөөгүй гэхдээ гайхаж, бас зугтмаар санагдсан. Бусад хүүхэд ч гайхаж байсан. Энэ тухай багш, аав ээждээ хэлсэн чинь тэдний хэн нь бидэнд итгээгүй” гэж ярьжээ. Хүүхдүүдийн энэ яриа төд удалгүй сургуулийн захирлын сонорт хүрсэн байна. Захирал багш нь хүүхдүүдийг дуудаж авчраад ширээний ард тус тусад нь суулгаад “Та нар тэр харсан зүйлээ зур” гэж хэлжээ.
Хүүхдүүдийн зурсан зураг хоорондоо бараг ялгагдахааргүй их адилхан байсан гэдэг. Хүүхдүүд харсан хөлгийнхөө оройг хөмөрсөн таваг шиг дүрсэлсэн байна.
Үүнээс гадна хоёр сарын дараа Брод Хейвений зэргэлдээх Литл-Хевен тосгоны зочид буудлын эзэн Роза Грэнвилл “хөмөрсөн таваг”-тай төстэй биет мөн шовгордуу толгойтой хүн дүрстэй учир нь үл мэдэгдэх хоёр амьтныг харснаа ярьсан байна. Роза Грэнвиллийн хэлснээр бол тэрхүү нисдэг биет нь ер бусын их дулаан ялгаруулсаны улмаас түүний нүүр нь жигтэйхэн халуун оргижээ.
Зочид буудлын эзэн цааш нь ярихдаа “Тэндээс ялгарч буй хурц гэрлээс солонгын бүх өнгө цацарч байсан. Би айснаасаа болоод энэ туяанаас дээрх биет хэрхэн гарч ирснийг ойлгоогүй. Хэсэг хугацааны дараа нисдэг биетийг анх харсан тэр талбай руугаа очсон чинь газрынх нь гадаргуу халчихсан байсан ”гэжээ.
Харь гаригийн ер бусын биет энэ газарт үзэгдсэн талаар мэргэжилтнүүд хэд хэдэн таамаглал дэвшүүлсэн хэдий ч тодорхой дүгнэлт гаргаагүй байна. Тухайн газарт ирсэн Британийн агаарын зэвсэгт хүчний нэг офицер “Бид тун удахгүй “нисдэг таваг”-наас энд буудалласаны хөлсийг авах болно” гэж тоглоом шоглоомоор хэлсэн гэдэг. Зарим нь хүүхдүүд усан хоолойн ус агуулах савны таглааг нисдэг тавагтай андуурсан байж болзошгүй гэж үзжээ. Гэвч хөдөө аж ахуйн бүс нутагт өссөн хүүхдүүд техникийн мэдлэг сайтай байсан юм. Энэ явдлыг зэвсэгт хүчнийхэнтэй хамтран шалгасан шинжээч Эмлин Уильямс “Нэг хүүхэд худал хэлж болно. Харин нэг ангийн бүх хүүхэд ингэж зохиож ярина гэдэг юу л бол...” гэжээ. Үүний учир шалтгааныг одоо болтол тайлбарлаж чадаагүй байна.
No comments:
Post a Comment